Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Илгэн халцгай нутаг минь...

2009-01-12,21:04

- Миний дүү хонио баруун уулын бэлийн нуга руу бэлчээ. Өвс нь соргог, шим ихтэй байдаг юм. Аяархан тогтоогоорой. Саахалт Ганаагийн хонь ойртвол нугын бэлчээрээс хонио гаргаад уулын бэл өөд туугаарай. За морд.

Ингэж хэлээд Сүхээ дүүгээ мордуулан ард саравчлан үлдэв. Морины туурайнд ч хөрс нь үл эвдрэх сайхан хөндий дундуур тэвхийсэн сайхан хээр морьтой хүү намхан толгойн цаадах руу исгэрсээр бараагүй боллоо. Ахынхаа хэлснээр хонио бэлийн нуга руу оруулан, өөрөө энэ тэрүүгээр цэцэг ургамал ажиглан, байхгүй ургамалаа түүн авч номныхоо завсар хийнэ. Дээрээс нь хөөрхөн хэлбэр, өнгөтэй чулуу олдвол бөөн бөөн чихэр харсан юм шиг л баярлана ...
Амандаа өвсний шим сорон, тэнгэр харж хэвттэл саахалтын хонь дөхөж яваа харагдав. Хүү бушуухан шиг мордож, бэлчээрээ ч харамлахгүй гэсэн ахын үг ёсоор хонио уулын бэлийн тачирхан алаг өвстэй бэлчээр лүү ойртууллаа.
Хаана ч бэлчээсэн сайхан өвстэй нуганд ч, сэрүүн салхи салхилсэн, тачирхан алаг өвстэй бэлд ч хонь сайхан тогтдог тул хийгээд байх ажил байсангүй. Хониноос ч, морьтой мань мэтээс ч айхыг байсан тарвага, түрсгүй хэдэн мөндөл нааш цааш гүйлдэхийг харж, тэднийг дооглон өөрийгөө зугаацуулна.

- За байз, аль замаар явдаг билээ. Олон зам нааш цааш сүлжилдээд ах нь хүртэл учрыг нь олохоо байчихаад байгаа юм. Уул нь энэ нутгийн л хүн юмсан. За байз, тээр уулын бэлд худаг байх ёстой. Тэнд зогсож амраад явцгаая. Танигдахаа байчихсан байна шүү. Дүү бас энд ирдэг байсан гэсэн байх аа.....

Ингэж хэлээд жолооч ах зааж байсан газар луугаа машинаа чиглүүллээ. Тэгэхдээ тэр олон замын алинаар ч явсангүй. Өөрөө шинэ зам гарган тоос татуулан давхина. Хуучивтар форгон машины завсар зайгаар тоос, шороо биднийг зовооно гэдэг тамтаггүй. Ингээд жолоочийн зааж өгсөн худаг дээр ирж, толгойгоо чийглэх санаатай очтол худагт ус гэх юм байсангүй. Аль хэдийн ширгэн үгүй болжээ.
Зуршил болсноороо хэдэн ургамал харах гэсэн тухайн газар хэдэн төрлийн Агь, Шарилж, цаахан талд харагдах Согсоолж цэцгээс өөр үзэсгэлэн гэх юм байсангүй. Хаа очиж хайрга чулуу нь элбэг юм. Тиймээс зүгээр л өнгө өнгийн чулуу хэдийг авах гэсэн ч олон өнгийн чулуу гэхээр ч зүйл байсангүй. Байдаг л хайрга.
Бага байхдаа салхи шуугиулан уралдан давхидаг байсан нөгөө хөндийн өнгө хүртэл бараантана. Жолоочоосоо гуйж байгаад уулын бэлийн нуга руу ойртон харахад нуга биш, хүний хөлийн газар шиг цайрсан харагдаж байлаа. Өвсний шим амтлан тэнгэр харан хэвтээд нуруу, чихээ амраадаг байсан тэр газар одоо нуруу амраах өвс, чих амраах шувуудгүй болчихсон байв. Надад дооглуулан гүйлддэг байсан тарваганы оронд энд тэнд үлийн цагаан огтоно сүлжилдэнэ.

Бага ангид байхаасаа л худынхаа ахынд зун болгон очиж амардаг байж билээ. Сайхан нутаг байсан болохоор олон газраас хүмүүс ирж зусна. Малаа цаг цагаар нуга руу оруулж ээлжлэн бэлчээдэг тэр газар жигтэйхэн сайхан байсансан. Газар үүрээ зассан талын болжморын үүрийг малын хөлөөс хамгаалах гэж бөөн юм болдог байж билээ.
Харин өнгөрсөн зун хэдэн жуулчид аваад тэрүүгээр дайрч өнгөрөхдөө "Худын ахынх яагаад нутаг сэлгэсэн"-ийг ойлгосон. Морины туурайнд тоос босдоггүй хөрс хүн алхахад л бөөн шороо босох хэмжээгээр эвдрээд, сул шороо, элс хоёр болчихож. Санаанаас хэзээ ч гарахгүй тэр сайхан нутаг бол Өвөрхангай аймгийн 9-н зүйл суманд байдаг байсийн... Сая зураг харж байгаад гэнэт санагдаад л ингээд бичээд сууж байна.
Түүх дурсамж, бодит байдаг хоёр бол ердөө л энэ. Байгалийн сайхан дурсамжинд үлдэж, бодит байдал нь нүдэнд харагдаж байна даа. Манай Монгол улс 87,3 сая хонь толгойтой тэнцэх хэмжээний бэлчээрийн даацтай гэдэг. Мэдээж энд өөр хэрэглээний нөөц, дээрээс нь өвсөн тэжээлт бусад амьтан, ашиглах боломжгүй зэлүүд нутаг гээд л олон зүйлийг хамааруулах юм бол 65 - 70 сая хонь толгойноос хэтрэх боломжгүй гэсэн тооцоо бий. Гэтэл одоо цөлжилт, бэлчээр талхлалт, хотжилт, дээрээс нь аалзны шүлс шиг баахан замыг тооцоод үзвэл 50 сая хонь толгойноос хэтрэхгүй бэлчээртэй болж байх шиг байна. Монгол улс мал аж ахуйн орон. Харин одоо бол мал аж ахуйн орноо ч хат даа. Нэг л мэдэхэд хүн амьдрах аргагүй зэлүүд нутаг, элс, шороо, баахан хайрга, гуу жалгаас өөр юмгүй нутагтай үлдэх вий.
Ер нь манай Байгаль орчны яамнаас "Экосистемийн сүйрэл" гэсэн аялал жуучлалын шинэ чиглэлийг батлаад өгчихвөл улсын төсөвт чамгүй мөнгө орж ирэхээс гадна үзүүлэх юмгүй гэгддэг манайхан "юу л байна үзүүлэх юм байна" гээд баавар сууна биз дээ?
Дөрөө шүргэсэн өвстэй байсан нутаг яагаад илгэн халцгай болчих воо?
Энэ асуултанд дараа хамтдаа хариулъя.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax