Эхнэрээ аль эмнэлэгт амаржуулна аа...
2-р эмнэлэгт гарсан нярайн халдварын дэгдэлт нь эмнэлгээс шалтгаалсан буюу үйлчилгээний явцад халдварын эсрэг дэглэм зөрчигдсөнөөс үүссэн холимог үүсгэгчтэй халдвар байсан гэх мэргэжилтнүүдийн эцсийн дүгнэлтийн талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгээс шалтгаалсан халдварын тандалт сэргийлэлтийн багийн ахлагч, эмч М.Цолмон мэдээллээ.
Түүний ярьж байгаагаар, нярайн халдвар гарсан даруйд Эх Нялхасын эрдэм шинжилгээний төв халдвартай гэгдэх 5 хүүхдийн шарх, хүй, нүд, нугасны уснаас арчдас авч шинжилснээр стофилоккус ауриус, интербактери, псевдоманос аурганосие, клибсиелла пнимание зэрэг холимог үүсгэгч нянтай нярайн халдвар болохыг тогтоосон байна.
Мөн ХӨСҮТ нь халдвар гарсан газарт ажиллаж байсан 45 эмч, ажилчдын хамар, залгиурт шинжилгээ хийхэд 9 нь нян тээгчээр илэрч давтан шинжилгээнд хамрагдахаар болсон байна. Хэрвээ дахин шинжилгээнд хамруулсан ч нян тээгч гэдэг нь батлагдвал хөдөлмөр зохицуулалтыг хийхээс аргагүй аж.
Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар халдварын эх уурхай, дамжсан замыг илрүүлэх зорилгоор өвчин гарсан орчны агаар, ариун цэврийн материал гээд 20 эд зүйлээс арчдас авахад 15 хувьд нь эмгэг төрөгч нян байгааг тогтоожээ.
“Өвчтэй эхээс гарсан буюу сул биетэй хүүхдүүд гадны халдвар авахдаа амархан байдаг. Тэгэхээр эмнэлгээс шалтгаалах халдварын 90 хувийг бохир гар дамжуулдаг. Манай эмнэлгийн ажилчид гар угаах дадалд сураагүй. ДЭМБ-аас эмнэлэгийн ажилчдад гар угаах тусгай зөвлөмжийг гаргасан байдаг. Дээрх халдварын тохиолдол бохир гартай шууд холбоотой” гэж эмч М.Цолмон хэлэв.
Харин нэгэн байцаагч Монгол улс дахь эрүүл мэндийн байгууллагуудын хөгжил, аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй хэмээн ярьсан юм.
“Нярайн халдвар гарах шалтгаан нь манай амаржих газрууд хэт ачаалалтай ажиллаж байгаатай холбоотой. Нөгөө талаар төрөх эхчүүдийн биеийн байдал тааруу байна. Хэрвээ дан амаржих газраас шалтгаалан хүүхэд өвчилнө гэвэл 2-р төрөх газарт сард мэндлэх 300 гаруй хүүхэд бүгд нярайн халдвар тусах байсан. Одоогоор бид олон жил засвар үйлчилгээ хийгээгүй цөмөрсөн, нурсан, мөөгөнцөрдсөн тус амаржих газарт 12 сарын 4 хүртэл халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийнэ. Харин эдийн засгийн байдлаас болон иж бүрэн засвар үйлчилгээ хийх боломжгүй байна” гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нөхөн үржихүй, эх барих эмэгтэйчүүдийн тусламж хариуцсан байцаагч Н.Болормаа ярьж байлаа.
Эмч нарын хэлснээр, энэхүү нярайн халдвар нь амьсгалын замаар өвчилдөг хурц мененгит биш аж. Түүнээс гадна амаржих газар нь халдвар хамгаалалтын хувьд ариун цэврийн дэглэмийг сайн сахих шаардлагатай учраас жилдээ нэг удаа бүрэн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх ёстой юм байна. Гэтэл 2-р төрөх газар сүүлийн 2 жилдээ ажлын ачааллаас болж ариутгал хийгдээгүй гэнэ.
“Улаанбаатар хотод 1996 оны байдлаар жилд 12 мянга гаруй хүүхэд мэндэлж байсан бол энэ жилийн эхний 10 сарын байдлаар 16200 эх төрөөд байна. Ноднингийн мөн үеийнхээс 1500-аар илүү эх төрсөн байх юм. Тэгэхээр амаржих газруудад ачаалал ихэссэн, түүнээс шалтгаалаад орон байр хүрэлцэхгүй, халдваргүйжүүлэлт хийх бололцоогүй болж байна гэсэн асуудал гарч ирж байна” гэж байцаагч Н.Болормаа хэлэв.
Эмч М.Цолмонгийн мэдээлснээр, 2005 оны байдлаар 2-р төрөх газарт нярайн халдварын 2 тохиолдол бүртгэгдэж байжээ.
Бичсэн: G. Odgarav